![14989681255958703da8b65]()
Шөнө дундын нэг цаг өнгөрч байхад утас хангинаад, намайг босгочихов. Аниргүй хийгээд харанхуйн дунд утасны дуу цаанаа л нэг ёозгүй. Нэгэн этгээд сэлэм, жадаар ертөнцийг дүрж, бүлэх чимээ мэт яхир. Хүн төрөлхтөний нэгэн эс болсон би л түүнийг таслан зогсоохгүй бол болохгүй тул босож, хонгилд очоод харилцуурыг авав. Нэгэн эр намуухан, сөөнгөдүү хоолойгоор хэн ч юм нэгэн эмэгтэйг ертөнцөөс халин одлоо гэж байх юм. Нөхөр нь ажээ. “Тэр минь өнгөрсөн лхагвад амиа хорлочихлоо. Дуулгахгүй бол болохгүй байх гэж бодлоо” гэв. Цахилгаан мэдээ шиг товчхон, өргөлт зогсоц, сэтгэл хөдлөлгүй, цэвэр мэдэгдэл, тайлбаргүй явдал, дуусав. Тэрхэн агшинд юу гэж хэлсэн, ямар үг амнаас унасныг би ер санадаггүй юм. Зүгээр л хөшиж орхисон. Замын голын гүнзгий нүх рүү өнгийж байгаа хоёр хүн шиг л чив чимээгүй өөд өөдөөсөө гөлөрч буй мэт. Төдөлгүй нөгөө хүн нэмж юу ч хэлэлгүй утсаа таслачихав. Баривал л хагарчих үнэт үзмэр мэтээр харилцуураа барьсаар. Цагаан ханцуйгүй цамц, цэнхэр дотуур өмдтэйгээ би зогсож байлаа.
Яагаад намайг тэр мэдэж байгаа юм бол? Огт мэдэх ёсгүй. Тэр бүсгүй намайг урьдны хайртай хүнээ гээд хэлчихсэн юм болов уу? Ямар учраас тэр вэ? Юуны төлөө? Яах гэж? Яаж миний дугаарыг олсон юм бол? (Утасны жагсаалтад ч оруулаагүй юмсан.) Очиж, очиж яагаад над руу гэж? Яагаад заавал над руу залгаж, хэл хүргэнэ вэ? Гэрээслэлдээ заавал надад дуулгаарай гэж бичээгүй л баймаар юм. Бидний үерхэл аль дээр үеийн явдал шүү дээ. Салснаасаа хойш нэг ч удаа уулзаагүй юмсан. Утсаар ч холбогдож байгаагүй. За, тэр ч яах вэ. Гол нь нөхөр нь юу ч тайлбарласангүй. Эхнэрээ амиа хорлосон гэдгийг надад хэлэхгүй л бол болохгүй байж дээ. Тэгээд хаанаас миний дугаарыг мэдэв ээ? Амиа хорлосон гэдгээс өөр юм хэлээд ч хэрэггүй гэжээ, бас. Тэгсэн хэрнээ мэдэх, мэдэхгүйн дунд орхих нь санаатай юм болов уу? Яагаад? Юу бодуулах гээд? Чухам юуг, бас яах гэж? Ерөөсөө ойлгохгүй нь. Эргэлзээ, тээнэгэлзэл л нэмэгдэхээс цаашгүй. Хүүхэд тоглоомон тамгаар зай завсаргүй, хаа ч хамаагүй цаас тамгалаад байгаа аятай. Дээр нь чухам яагаад амиа хорлочихов доо? Бас яаж? Бас л мэдэх юм алга. Мэдъе гэхнээ ч аргагүй зүйл. Хаана амьдарч байсан, гэрлэсэн үгүйг нь ч мэдээгүй явж. Гэрлээд хэний овгийг авсан юм бол? (Түрүүний ярьсан хүн нэр усаа ч хэлсэнгүй.) Гэрлээд хэр удав? Хүүхэдтэй байсан юм болов уу? Юу ч л гэсэн нөхрийнх нь хэлснийг л мэдэж авлаа даа. Эргэлзээ бол алга.
Надаас салсны дараа амьдрал нь үргэлжилж, хүнд хайртай болж, гэрлэж, тэгээд өнгөрсөн лхагвад ямар нэгэн шалтгаанаар, ямар нэгэн аргаар амиа егүүтгэж дээ. Ямар ч л гэсэн хэн ч юм нөхрийнх нь хоолойд үхэгсдийн ертөнцтэй гүн холбогдсон зүйл байсан юм. Шөнийн нам гүм дунд саяхны тэр холбоос сонорт минь хүрчээ. Эрчлэгдэж чангарсан утасных нь үзүүр гэлтэй. Тэгээд хурц оч, гал нь нүд рүү үсэрч байгаа ч юм шиг. Ингээд бодохоор нөхөр нь бодлогоор хэлсэн ч юм шиг. Юутай ч шөнийн нэг цагт залгаснаараа хэргээ бүтээжээ гэлтэй. Өдрийн нэг цагт байсан бол яг ийм зүйл тохиолдохгүй ч байсан юм бил үү.
Арайхийн харилцуураа тавьж, орондоо очиход эхнэр сэрчихсэн,
- Юун утас вэ? Хүн өнгөрчихсөн гэнэ үү? хэмээн асуулаа.
- Үгүй ээ. Андуурч гэж нойрмог, ээрсэн дуугаар хэлэв. Гэвч эхнэр итгээгүй нь дамжиггүй. Миний хоолойд ч гашуудлын өнгө байсан нь лавтай. Дөнгөж саяхан насан эцэслэсэн хүний тухай сонсох нь бие, сэтгэлд маш хүчтэй нөлөөлдөг. Тэр үл мэдэг чичирхийлэл утасны цаанаас ч мэдрэгдэж байсан юм. Хэл ярианы өнгө ч өөрчлөгдөж, ертөнц бүхлээрээ хөдөлж буй мэт. Гэвч эхнэр өөр юу ч хэлсэнгүй. Бид хав харанхуйн дунд хажуулдаж, тэнд орших нам гүмд чих тавин, өөр өөрсдийнхөө бодол дунд хөтлөгдөн умбав.
Ингэхэд тэр бүсгүй миний үерхэж байсан эмэгтэйчүүдээс амиа егүүтгэсэн гурав дахь хүн нь байлаа. Бодоод үзэхэд, үгүй ээ, нэг нэгээр нь нягтлаад үзэхгүй юм аа гэхэд нас баралтын түвшин хангалттай өндөр байна. Миний хувьд үнэхээр итгэшгүй зүйл. Тэгтлээ олон эмэгтэйтэй үерхэж яваагүй байтал яахаараа залуухнаараа амиа егүүтгэцгээнэ вэ? Заавал тэгэх ёстой байсан юм гэж үү? Огтхон ч ойлгохгүй нь.
Надаас л болоогүй бол боллоо. Би л шалтгаан нь биш бол боллоо. Эсвэл тэр эмэгтэйчүүд намайг гэрч, бүртгэгч болгохгүй л бол тэр. Чин сэтгэлээсээ. Юу ч гэж хэлбэл зүйтэй юм бэ дээ. Тэр бүсгүй- гурав дахь эмэгтэй (Нэргүй бол нэг л сонин байна. Түүнийг Ээм гэж нэрлэе.) Яаж ч бодсон тэр амиа хорлохооргүй эмэгтэй байсан. Хорвоо дээр бадриун чийрэг далайчдаар л хамгаалуулж, ивээлд нь байсан, бас байх ёстой бүсгүй учраас тэр. Бид хэзээ, хаана уулзаж, юу хийсэн, тэр тухай нарийн ярих боломж ч алга. Өршөөгөөрэй. Бүгдийг нь нэгбүрчлэн яривал элдэв янзын ээдрээтэй зүйл гарч ирэх нь зайлшгүй. Эргэн тойрныхоо хүмүүст эргэлзээ төрүүлж болзошгүй тул миний хувьд, би түүнтэй хэсэг зуур үй зайгүй дотно харилцаатай байсан боловч нэгэн шалтгаанаар салахаас өөр замгүй болсон юм. Үүнийг бичээд ч яах вэ.
Болсон явдлыг өгүүлэхэд, арвандөрвөн настайдаа Ээмтэй анх учирсан гэж бодъё. Яг үнэндээ бол тийм биш л дээ. Ядаж энэ удаад л ингэж тогтоё. Бид арвандөрвөн настайдаа дунд сургуулийн биологийн хичээл дээр анх танилцаж билээ. Тэр үед дун хорхой ч бил үү нэг том загасны тухай л хичээл ороод байсан юмдаг. За, энэ ч яахав. Тэр миний хажуугийн ширээнд сууж байлаа. Баллуураа мартчихаж. Илүү байвал хэрэглүүлээч гэж гуйв. Тэр баллуураа яг дундуур нь хуваагаад надад өгөхдөө инээмсэглэж байсан юм. Тэр агшинд л би нүд бас сэтгэл алдсан. Тэр охин миний нүдэнд хамгийн үзэсгэлэн төгөлдөр байлаа. Юуны түрүүнд л. Би түүнийг тийм л утга төгөлдөр оршихуй байлгахыг хүссэн, тэр цагт.
Бид ингэж дунд сургуулийн хичээлийн танхимд анх удаа бие биенээ харж, дун хорхой ч бил үү аварга загасны хичээл дээр гүнзгийрэн танилцаж билээ. Бүр нарийн бодвол, тэнд болж өнгөрсөн явдлууд ар араасаа хөвөрч, бүх юм ойлгомжтой байсан юм байна лээ. Би гэдэг арвандөрвөн настай, ид хав нь бүрдсэн, эрүүл чийрэг, мэдээж нүдэнд бүлээхэн, баруун зүгийн салхи үлээх болгонд л өнөөх маань хөвчрөн босдог байв. Яг тийм нас хүнд байдаг даа. Гэвч тэр охин миний шодойг хөвчрүүлэхийг оролддогүй байв. Тэр баруун зүгийн бүхий л салхийг хээв нэг дарчихдаг байсан юм. Үгүй ээ. Зөвхөн баруун зүгийн салхи биш байсан юм байна аа. Дөрвөн зүг, найман зовхисоос сэрчигнэх салхи ч болгоныг үлээн, нам дарахуйц гайхамшигтай охин байсан юм. Ийм төгс төгөлдөр охины өмнө миний муу шодой босох гэж үйлээ үзнэ биз дээ. Тийм сэтгэлийг төрүүлэх охинтой учирсан нь хорвоод мэндлээд анх удаагийнх байсан юм.
Би үүнийг Ээмтэй хамгийн анх уулзсан агшин байжээ гэж мэдэрдэг. Яг үнэндээ бол тийм биш байсан ч тэгж бодохоор л энэ бүхний гол нуруу аяндаа холбогдоод явчих юм шиг санагдаж байна. Би арвандөрөвтэй, тэр бас арвандөрвөн настай байсан. Энэ нь бид хоёрын хувьд үнэхээрийн, жинхэнэ, бас цагаа олсон учрал байжээ. Бидэн хоёр яг л ингэж анх уулзах нь угаасаа учиртай ч байсан юм. Гэвч Ээм төдий л удалгүй нэг мэдэхэд алга болсон байв. Хаашаа явчихсан юм бол оо? Бүр Ээмыгээ алдчихсан, би. Ямар нэгэн юм болоод, хоромхон зуур өөр тийшээ харж байхад л Ээм алга болчихсон мэт. Дөнгөж түрүүхэн энд байсан хэрнээ нэг харсан чинь байхгүй болчихсон байв. Магад ч үгүй, залилагдаад усан онгоцоор явчихав уу? Марсель эсвэл Зааны ясан эрэг үү? Миний гуниг гутрал далай мөрөнгөөс ч гүнзгий байлаа. Хичнээн аварга наймаалж ч бай, хичнээн том лус савдаг ч бай нуугддаг их далайгаас ч гүн гүнзгий байсан юм.
Өөртөө дургүй хүрч, үзэн ядаж эхэллээ. Юунд ч итгэмээргүй. Юу болж байна вэ, энэ чинь? Ээмдээ дэндүү хайртай байсан хэрнээ л. Хэтэрхий ихээр эрхэмлэн нандигнадаг атлаа. Түүн шиг хэрэгтэй хүн энэ хорвоо дээр байхгүй гэж боддог мөртлөө яах гэж би…хажуу тийш харсан юм бол оо? Гэвч эсрэгээрээ Ээмд яваагүй газар гэж байхгүй байх. Олон газраар явж, их ч юм үзсэн байх. Янз янзын газар, янз янзын цаг хугацаа, янз янзын хүмүүс түүний орон зайд багтсан байгаа. Мэдэж л байна. Хувааж өгсөн баллуурыг нь гялгар хүүдийнд хийгээд сахиус мэт нандигнан хадгалж явдаг байлаа. Луужин шиг л. Халаасанд тэр л нандин юм байвал хаанаас ч хамаагүй Ээмыг олчих юм шиг санагддаг байв. Далайчдын ятгалгад автаад, аварга том хөлөг онгоцонд дайгдаад холын хол явчихсан юм. Ямар нэгэн юманд итгэж, сүсэглэж явъя гэж боддог байсандаа ч тэр үү цоо шинэхэн баллуураа гэхэд эргэлзээгүйгээр шууд л хуваачихаж чадах хүн байсан юм.
Би энд тэндээс, түм буман хүнээс сургийг нь гаргах гэсэн ч болоогүй юм. Тарж, сарнисан юмыг цуглуулах гээд оролдсон ч худлаа юм билээ. Сэтгэл зүрх нь зэрэглээ мэт уусан алга болчихсон шиг. Хорвоогийн газар, усны түвшинд хязгаар гэж үгүй. Би цөхрөлгүй хойноос нь мацаж, мөшгиж, олон газраар улаа эргэтэл хайж явсан. Бомбэй, Кэйптаун, Рейкьявик хүртэл, бас Бахам. Эргийн боомт, хот болгоноор хайсан.
Нэгэн газар очтол түүнийг минь нуучихсан байв. Эвдэрхий орон дээр түүний дөнгөж өндийсөн дулаахан мөр үл мэдэг ч гэсэн үлдсэн байлаа. Хүзүүндээ зүүж байсан хуй салхины дугуй хээтэй ороолт сандлын түшлэг дээр тохоостой хэвээрээ, уншиж байсан ном нь ширээн дээр дэлгээстэй хэвтэж байв. Угаалгын өрөөнд тэр чигээрээ үрчийж хатсан шилэн оймс нь дүүжлээстэй байлаа. Тэр минь аль хэдийнэ ор сураггүй алга болжээ. Энэ хорвоогийн хашир гайхлууд миний үнэрийг аль хэдийн авчихаад, хаа нэгтээ түүнийг минь дагуулж аваачаад нуучихсан юм. Мэдээж, би тэр үед арвандөрвөн настай байхаасаа өнгөрсөн. Нэлээн хүдэр бор, чийрэг өсгөлөн залуу болсон бөгөөд өтгөн хар үстэй, амьдралын хар, цагааныг ялгаж чаддагтайгаа болчихсон. Өөрчлөгдөөгүй ганцхан л зүйл байв. Яг л арвандөрвөн настай үеийнх шиг. Миний мөнхийн нэг хэсэг болсон арвандөрвөн настай үеийн надад бүлээн, зөөлхөн баруун зүгийн салхи миний гэнэн томоогүй шодойг илэх төдийд л тэвчихийн аргагүй хэцүү байдаг байв. Тэрхүү баруун зүгийн салхитай хамт заавал Ээм минь байх ёстой. Нэг газар тогтож сууж үл чадах тийм бүсгүй ч амиа егүүтгэх хүн биш байсан юм.
Ер нь би юу хэлэх гээд байгаа юм бол оо? Өөрийгөө ч ойлгохгүй нь. Үнэн явдал биш, хүний мөн чанарын тухай бичих гээд байгаа байх. Бодит байдлыг бус жинхэнэ мөн чанарын тухай бичнэ гэдэг сарны сүүдэр талд хэн нэгэнтэй болзох гэсэн үг ч юм уу даа. Хав харанхуй, ямар ч тэмдэглэгээ байхгүй, дээр нь зах хязгааргүй, дэндүү өргөн уудам. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, юутай ч би Ээмтэй арвандөрвөн настайдаа уулзаж, учран, дурлан хайрлах нь, тэр л дээр байсан бүсгүй гэсэн үг юм.
Гэвч би үнэндээ нэлээн хожуу түүнд дурласан билээ. Харамсалтай нь, тэр үед тэр минь аль хэдийнэ арвандөрвөн настай байхаа больсон байсан. Учрах цаг үеэ андуурсан билээ. Яг л болзох өдрөө андуурсан мэт. Цаг хугацаа, орон зай авцалдаж таараад байгаа хэрнээ өдөр гариг нь л өөр байлаа. Гэвч Ээмын дотор арвандөрвөн настай жаахан охин амьдраад л байсан юм. Тэр жижигхэн охин аль нэг хэсэгт нь биш түүний нэгэн бүхэл бие болоод дотор нь оршсоор л байсан. Нүдийг нь маш анхааралтай, цоо ширтвэл Ээмын дотор буй жижигхэн охин орж, гараад буйг зэрвэс зэрвэсхэн харж болж байв. Хоёр биенээ хайрлалцаж байхад тэр минь миний дотор эрүү, өвдөг нь нийлсэн хөгшин чавганц, нэг бол гэнэн хонгор жаахан охин болоод л эрх дураараа, өөрийнхөөрөө байгаад нь би их дуртай байдаг байлаа.
Яг ийм үед нь би түүнийг бяцлах шахам чанга тэврээд, хөндүүр болгочихсон. Арай л хүчтэй тэвэрсэн юмдаг. Ингэхгүй л бол болохгүй байлаа. Түүнийгээ хаашаа ч, хэнд ч алдмааргүй байсан юм. Гэвч би түүнийгээ дахин алдах мөч ирсэн. Энэ хорвоо ертөнцийн далайчид түүн рүү минь гэтэж байжээ. Яаж би ганцаархнаа хамгаалж, харж хандаж чадах вэ дээ. Хэнд ч гэсэн жаахан холдох, нүд салгах мөч байна шүү дээ. Унтахгүй байж болохгүй, ариун цэврийн өрөө орохгүй бол болохгүй, угаалгын онгоц угаахгүй бол болохгүй. Хэн ч гэсэн сонгино хэрчиж, ногоо арилгана. Бас машиныхаа дугуйн хийг шалгах хэрэгтэй. Иймээс л бид өчүүхэн ч атугай салах шалтагтай байсан гэх үү, тийм л мөчид тэр минь алга болчихсон юм. Үүнд мэдээж тэр далайчдын сүүдэр байгаа л даа. Тэрхүү сүүдэр гэгч нь барилгын ханыг гялс, гялс дээш мөлхөн мацаж байгаа юм шиг хав хар агаад аяндаа хөдлөх юм. Угаалгын онгоц, сонгино, дугуйны хий гэдэг нь тэрхүү сүүдрээс зургийн хадаас мэт тарж бутрах мэт зүйрлэлийн хэлтэрхийгээс цаашгүй.
Түүнийг алга болчиход би ямар ихээр шаналж, тарчилж зовсон гээч. Хичнээн гүнзгий хар ангалд унасныг хэн ч мэдэхгүй. Мэдэх ч аргагүй. Өөрөө ч сайн санахгүй байгаа юм чинь. Хичнээн зовж, шаналж, зүрх сэтгэл өвдөж байсныг. Уйтгар гуниг, зовлон шаналлыг амархан, үнэн зөв хэмждэг багаж энэ дэлхий дээр байдагсан бол хэмжүүлээд тэмдэглэн үлдээх байсан юм. Тийм багаж гарт багтдаг хэрийн байгаад ч яахав. Дугуйныхаа хийг хэмжих болгондоо санаанд ороод байх учраас тэр ч юм уу? Гэвч эцэст нь тэр минь өнгөрчихсөн байна.
Шөнө дундын дуудлага үүнийг надад мэдээлсэн. Хаана, яаж, ямар шалтгаан, зорилгоор гэдгийг мэдэх юм огтхон ч алга. Юутай ч Ээм амиа егүүтгэе гэж шийджээ. Түүгээрээ ч болж. Тэгээд энэ бодит ертөнцөөс алгуурхан, чимээгүйхэн салан оджээ. Энэ хорвоогийн нөгөө далайчид түүнийг авч явах гэсэн ч, уран яруу, сайхан үгээрээ ятгалаа ч Ээм гүн шар цутгалангийн орноос аврагдаж чадахгүй нь тодорхой. Бүр барьцаалагдаад байсан ч чадахгүй.
Шөнө дунд маш соргог, чимээ анирдвал далайчдын гашуудлын дуу холоос сонсдох нь гарцаагүй. Тэр минь насан эцэслэхтэй хамт миний арвандөрвөн насны бие үүрд мөнхөд алдагдаж байгаа юм шиг санагдав. Бэйсболлын өмсгөлийн ар талд байдаг мөнхийн алдагдсан дугаар шиг. Миний амьдралаас арвандөрвөн нас гэдэг хэсгийг ул мөргүй, үндэс хөрстэй нь суга татаад аваад явчихсан юм шиг санагдав. Бат бэх төмөр хайрцганд олон оньстой түлхүүрээр цоожлуулж, далайн гүнд живүүлсэн ч юм шиг. Үүнээс хойш хэдэн сая живаа жил түгжээтэй, чив чимээгүй, нам гүмхэн нөгөө дун хорхой, аварга загасны ивээлд ч орж байгаа юм бил үү?
Баруун зүгийн гайхамшигт салхи ч бас тэр чигтээ намдчихсан юм шиг. Дэлхийн бүх далайчид түүний минь үхэлд сэтгэл зүрхнийхээ угаас гашуудан харуусаж байгаа байх. Мөн энэ хорвоогийн далайчдыг үзэн яддаг хүмүүс ч гэсэн. Ээмын үхлийг мэдэх агшинд би өөрийгөө энэ хорвоогийн хоёр дахь, басхүү орь ганц эр боллоо гэдгийг мэдэрсэн билээ.
Энэ дэлхий дээрх хамгийн эхний орь ганц эр хүн бол мэдээж түүний нөхөр байх нь дамжиггүй. Би түүнийг хүндэтгэн суудлаа тавьж өгье. Би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Хэдэн настай, юу хийдэг, юу хийдэггүйг. Түүнтэй холбоотой ганцхан зүйлийг л мэдэж байна. Сул дуутай гэдгийг нь л. Тэрхүү дууны сул гэдэг нь болсон явдлыг тодорхой, нарийн тайлбарлаагүйд оршиж байгаа юм. Тэр далайчин уу, эсвэл далайчдыг эсэргүүцэгч үү? Эхнийхээр бол анд нөхрийн минь нэг. Дараагийнх нь байсан бол мөн л ялгаагүй түүний сэтгэлийг ойлгох л болно. Түүний төлөө ямар нэгэн юм хийж чадахаар бол уг нь сайн л байна гэж бодох юм. Гэвч тэр нэгэн бүсгүйн эр нөхөрт ойртох боломж бас алга. Нэрийг нь ч мэдэхгүй. Хаа ч амьдардаг юм. Эсвэл тэр бүр нэр, хаягаа алга болгосон ч байж магадгүй юм. Юутай ч тэр энэ дэлхий дээрх хамгийн анхны орь ганц эр хүн болсон. Алхаж байх замдаа ганц эвэрт цагаан морины хөшөөний өмнө бөхийн, (замд ийм хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэн бий) хүйтэн ус өргөж ариусгал үйлдэхдээ тэр эрийн тухай зөндөө бодов.
Тэгээд энэ дэлхийн хамгийн анхны орь ганц эр болно гэдэг чухам юу гэсэн үг бол? Өөрийнхөөрөө төсөөлж үзэв. Энэ дэлхий дээрх удаах орь ганц эр болно гэдэг юу гэсэн үг вэ? Би бол мэдчихсэн л дээ. Гэвч энэ дэлхийн хамгийн анхны орь ганц болно гэдэг юу гэсэн үг вэ гэдгийг мэдэхгүй юм. Энэ дэлхийн удаах орь ганц, анхны орь ганц хоёрын дунд гүнзгий ангал бий. Зүгээр гүнзгий ч биш, өргөн ёроолгүй. Нэг захаас нөгөө зах хүртэл гүйцэд нисэж чадаагүй, дунд нь цуцаад өнгөрсөн шувууны сэгээр дүүрсэн өндөр уул овоолго бий гэлтэй. Гэнэт л нэг өдөр та ч магадгүй эмгүй эр болно. Тэр өдөр өчүүхэн төдий зөгнөл, таамаг, зөн совин төрөхгүй. Хаалга ч тогшихгүй, хоолой засаж, чимээ ирэхгүй. Гэнэт л ирдэг юм байна. Булан тойроход л. Буцах боломжгүй.
Нэгэнт л булан тойрсон бол ертөнц энэ л болно. Тэр ертөнцөд таныг “Эмгүй эрчүүд” гэж дуудна. Хэдий хүртэл хүйтэн цэвдгээр олон тоонд хэлүүлж, дуудуулах бол оо? Эмэгтэйгүй эрчүүд болох хичнээн гунигтай байх бол? Сэтгэл өвдөх. Түүнийг зөвхөн л эмэгтэйгүй эрчүүд л ойлгож мэдэрч чадах байх. Гайхамшигтай баруун зүгийн салхи үгүй болох. Арвандөрвөн насаа хэдэн сая живаа жилийн цаана мөнхөд алдах. Алс холоос далайчны харууслын дуун сонсдох, дун хорхой, аварга загастай хамт гүн харанхуй далайн ёроолд живэх, шөнө дундын нэг цаг өнгөрч байхад хэн нэгэн рүү залгах, шөнө дундын нэг цаг өнгөрч байхад хэн нэгнээс дуудлага авах, мэдэх мэдэхгүйн дунд танихгүй хүнтэй цаг болзон уулзах, дугуйны хий шалгах зуураа хуурай зам дээр нулимс дуслуулах.
Юун түрүүнд ганц эвэрт цагаан морины хөшөөний өмнө түүний нөхрийг хурдан сэхэж, босоосой хэмээн мөргөн залбирах. Үнэхээрийн хамгийн чухал тэр л зүйлийг бид ерөөсөө “Жинхэнэ мөн чанар” гэх агаад огтхон ч мартагдахгүй юм. Харин илүү дутуу, хавсарга зүйлийг тэр нөхөр нь мартчихаасай гэж залбирах. Би өөрөө ч гэсэн мартчихсанаа эргэж санахгүй байвал гэж бодох. Чин сэтгэлээсээ. Сүртэй зүйл биш ч энэ дэлхийн хоёр дахь орь ганц эр энэ дэлхийн хамгийн анхны орь ганц эртэй уулзааагүй ч өрөвдөж, түүний төлөө залбирч байна.
Яагаад над руу залгав? Мэдээж, учрыг нь ухаад, зовж шаналаад байхгүй ч зүгээр л бодоход ул үндсээрээ надад эргэлзээ төрүүлсээр байх юм. Яаж намайг мэдэж байсан бэ? Яагаад надад хандсан бэ? Хариулт мэдээж амархан. Ээм л миний тухай нөхөртөө ярьсан байж таарна. Ингэж бодохоос өөр зүйл алга. Тэр миний тухай юу ярьсныг огтхон ч тааварлаж чадахгүй нь. Урьдны хайрт хүн нь байсан гээд нөхөртөө хэлээгүй л бол ямар үнэ цэнэтэй зүйл, ямар утга учир надад оршиж байсан юм бол оо? Тэр нь түүний үхэлтэй холбогдох чухал зүйл байсан юм болов уу? Түүний үхэлд миний оршихуй ямар нэгэн сүүдэр тусгав уу? Эсвэл миний бэлэг эрхтэнийг сайхан хэлбэртэй гэж Ээм дурссан байж болзошгүй юм уу? Бүрэнхий болох үед орон дээр эрхтэнийг минь цоо ширтэж байсан юм. Энэтхэгийн хаадын тухай үлгэр туульст гардаг үнэт эрдэнэсийг нандигнан хайрлаж, илж таалан буй мэт гар дээрээ энхрийлэн тавьж, хэлбэр нь гайхалтай сайхан юм аа гэж хэлж байсан. Үнэхээр тийм, үгүйг би ч сайн мэдэхгүй байна. Энэ л шалтгаар Ээмын нөхөр над руу залгасан юм болов уу? Эрхтэний минь хэлбэрийг хүндэтгэх гэж шөнийн нэг цаг өнгөрч байхад гэж үү. Үгүй байлгүй дээ. Яаж тийм юм байна гэж. Тэгээд ч би тийм, ийм гээд харагдахаар эдтэй ч биш дээ. Энгийн л юм.
Бодоод байсан чинь Ээмын гоо зүйн үзэл нь дээр үеэс л хачин, гажууд байж. Бусад хүнээс тэр тэс өөр үзэлтэй нэгэн байлаа. Магадгүй, (төсөөлөхөөс өөр хэтрэхгүй нь) тэр өөрийгөө дунд сургуулийн хичээлийн танхимд надад баллуураа таллаж өгсөнийгөө хэлсэн юм болов уу. Ямар нэгэн утга учир агуулаагүй, муу саналгүй, зүгээр л яриад дурсчихсанд нөхөр нь атаархсан юм болов уу? Өмнө нь хичнээн Ээм хоёр автобус дүүрэн далайчидтай үерхэж байсан ч түүнээс илүү баллуураа таллан байж өгсөн надад үргэлж атаархан хорсож явсан нь гарцаагүй юм уу? Ердийн зүйл гэж хэлэхгүй ч хоёр автобус дүүрэн хүдэр чийрэг далайчдыг юу гэж хэлэх вэ, тэгвэл?
Юутай ч Ээм бид хоёр тэр үед хоёулаа арвандөрвөн настай байсан юм. Тэр үед баруун зүгийн салхи үлээх төдийд л эрхтэн минь хөвчирч босдог байлаа. Тийм л хүнд шинэ баллуураа таллан хувааж өгөхөөр жигтэйхэн айхавтар зүйл болдог юм уу? Аварга хуй салхи нурах дөхсөн арваад байшинг хуу хамах шиг ч юм уу даа. Үүнээс хойш ганц эвэрт цагаан морины хөшөөний хажуугаар явах тоолондоо бөхийж, бүсгүй хүнгүй эрчүүдийн тухай бодолд автах болов. Чухам яагаад энэ газар гэж? Яагаад энэ ганц эвэрт морины хөшөө гэж? Эсвэл энэ хөшөө бас бүсгүй хүнгүй эрчүүдийн нэг нь ч байж магадгүй юм уу? Ийм дүрстэй амьтныг би урьд өмнө нь огтхон ч харж байгаагүй учраас тэр бас л нэгэн гоонь эрээс цаашгүй.
Үргэлж орь ганцаараа, хурц шовх өрөөсөн эвэр нь сүр бадрангуйгаар тэнгэр өөд цойлох мэт. Бид түүнийг бүсгүйгүй эрчүүдийн төлөөлөл болгож, орь ганц эрчүүдийн билэг тэмдэг болгосон нь дээр ч байж магадгүй. Энэхүү хөшөөний дүрстэй бяцхан тэмдэгнүүдийг энгэр болон малгайндаа зүүгээд энэ дэлхийгээр чимээгүйхэн цувран алхаж явсан нь дээр ч юм уу? Хөгжимгүй, туг далбаагүй, тэнгэрт цацах баярын цаасгүй. Магадгүй, (Би магадгүй гэдэг үгийг дэндүү их хэрэглэж байж магадгүй) бүсгүйгүй эр болно гэдэг маш хялбар. Нэгэн эмэгтэйг сэтгэл зүрхнийхээ угаас хайрлаад, тэр бүсгүй нь хаа нэгтээ алга болчиход л болоо. Ихэнх тохиолдолд (таны мэдэж байгаагаар) бүсгүйг минь дагуулаад явчихдаг нь ухаалаг овжин далайчид билээ. Уран үгээрээ уургалаад, Марсель эсвэл Зааны ясан эрэг рүү сураггүй болчихдог юм. Ингээд л бидэнд ямар ч гарц үлддэггүй. Эсвэл тэрхүү далайчидтай ямар ч холбоогүйгээр тэр бүсгүйчүүд амиа егүүтгэдэг байж магадгүй юм. Энэ тухайд ч бас яах ч учраа олохоо бас мэдэхээ байдаг. Юун далайчин? Яах, ийх?
Юутай ч та ч мөн бүсгүйгүй эр болж л таарна. Яах, ийх зуургүй л. Тэгээд нэг л удаа бүсгүйгүй эр болчихвол тэрхүү орь ганцын өнгө биен дээр чинь гүн гүнзгий үлдэнэ. Бүдэг өнгийн хивсэн дээр дуссан улаан дарсны толбо мэт. Та хичнээн мундаг, гэр ахуйн нарийн мэдлэгтэй байлаа ч тэр толбыг арилгахад зүдэрнэ. Цаг хугацааны явцад өнгө нь их, бага хэмжээгээр бүдгэрч магадгүй ч таныг амьсгал хураатал тэр толбо арилахгүй, янзандаа байсаар л байх болно. Танд тэр толбо иргэний үнэмлэх болж, заримдаа нийтийн өмнө илтгэл тавихыг шаардана. Тэрхүү толбоны өнгөний аажимхан хувирал дунд, олон утгатай амьдралын хураангуй товчлол болон энэ хорвоо дээр тоосоо хөдөлгөж явахаас л өөр аргагүй юм.
Энэ орчлон дээр дуу авианы цуурайтах арга зам өөр өөр. Хоолой аргах, сахал ургах нь ч хүн хүнд өөр. Старбакс кофены газрын үйлчлэгчийн хандлага ч бас өөр өөр. Клиффорд Брауны дуу ч өөр хүнийх шиг сонсогдох үе байдаг. Метроны хаалга хаагдах нь ч өөр өөр. Омотесандогоос Аояама нэгдүгээр гудамж хүртэл алхах зай ч хүн хүнд өөр өөр байдаг. Жишээ нь, үүний дараа дахин нэгэн бүсгүйтэй учирлаа ч хичнээн гоо үзэсгэлэнтэй байсан ч (Үгүй ээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр байх тусмаа) уулзсан мөчөөсөө л хэдийнэ түүнийгээ алдаж эхэлдэг. Далайчдыг бодуулсан хар сүүдэр ч гэж бас байна. Амнаас нь унах харь хэлний аялга (Грек хэл, эстони хэл, тагалог хэл) сэтгэлийг тавгүйтүүлдэг. Энэ хорвоогийн боомтууд ч айлган сүрдүүлэх мэт. Учир нь, эмэгтэйгүй эр болохоор яадаг гэдгийг аль хэдийнэ мэдчихсэн болохоор л тэр. Та өөрөө бүдэгхээн өнгөтэй перс хивс байлаа гэж бодъё. Орь ганц хэмээх нь хэзээ ч арилдаггүй “Бордо” дарсны толбо юм. Ийм л орь ганцаардлыг Францаас авчирч, шархны өвдөлтийг Газар дундын тэнгисээс авчирсан гэмээр. Эмэгтэйгүй эрийн хувьд энэ дэлхий гэдэг шарх, сорвиор дүүрсэн яг л сарны сүүдэртэй тал мэт.
Би Ээмтэй хоёр жил үерхэж билээ. Тийм ч урт хугацаа биш. Гэвч хүндхэн хоёр жил байсан юм. Хоёрхон жил гэж үү? Эсвэл хоёр жилийн замыг туулжээ гэж үү? Яаж хэлэхээс л болох байх. Үерхэж байсан ч бид сардаа хоёр юм уу гуравхан удаа л уулздаг байв. Түүнд ч өөрийн асуудал байна, надад ч бас хувийн асуудал байна. Харамсалтай нь, бид аль хэдийнэ арвандөрвөн настай биш болчихсон байсан. Ийм элдэв шалтгаанаар эцэст нь салсан юм. Түүнийгээ алдахгүй гээд чангаар тэвэрч байсан ч далайчдын гүн хар сүүдэр шовх хурц хадаасыг энд тэндгүй цацаж байгаа гэлтэй байлаа.
Ээмын тухай хамгийн сайн санаж байгаа зүйл гэвэл тэр өргөгч шатанд эгшиглэх аялгуу. Байнга лифтэн дотор эгшиглэж байдаг Перси Фэйт, Мантовани эсвэл Рэймонд Лэйфүүр, Фрэнк Чаксфилд, Франшис Лэй, 101 чавхдаст хөгжмийн найрал аяз бас Поул Моря, Билли Уонн зэрэг дуу, хөгжмийг сонсох дуртай байв. Тэр ийм л (надаар хэлүүлбэл) хоргүй аялгуунд үхэн хатан дурладаг байсан юм. Хэмнэл аяз нь урсаж байгаа юм шиг утсан хөгжим, сэтгэл тэнийж уярмаар модон үлээвэр хөгжим, дуу намсгагчтай гуулин хөгжим, сэтгэлийг зөөлөн илбэж байгаа юм шиг босоо ятгын эгшиг, хэзээ ч нурж унахааргүй энхрий зөөлөн аялгуу зэрэг нь мөсөн чихэр аманд хайлан урсаж, амт шимт нь аясаараа таарч буй мэт сайхан зохицол гэмээр. Бага зэрэг цуурай сонсогдох бичлэг ч бий. Би ганцаараа машин жолоодож явахдаа рок юм уу блюзыг ихээр сонсдог байлаа. Дэрек энд дэ Доминз, Отис Рэддинг, Доорсыг сонсдог байхад Ээм дургүй байв.
Тэр үргэлж давчуу жижиг цахилгаан шатанд дуугардаг аялгууны хуурцгийг цаасан уутанд хийгээд авч явдаг байв. Тэгээд дуусан дуустал нь сонсож явдаг байлаа. Бид хоёр зорилго чиглэлгүйгээр хаашаа ч хамаагүй машинаар их давхидаг байж дээ. Машинд Франшис Лэйгын “Өвлийн хайрын хос” дууг сонсонгоо уруулаа үл мэдэг хөдөлгөн, бүдэг будагтай уруул нь дэндүү гоо үзэсгэлэнтэй, тачаангуй харагдуулдаг байлаа. Юутай ч тэр өргөгч шатны арваад мянган аялгуутай хуурцагтай байдаг байв.
Тэгээд энэ дэлхийн хаана ч байдаггүй хөгжмийн талаар өргөн дэлгэр мэдлэгтэй “Цахилгаан шатны аялгуу” хөгжмийн хуурцагны музейг байгуулахуйц их арвин сантай байдаг байв. Хайрлан дурлалцаж байхдаа ч тэрхүү дуу, аялгууг сонсдог байсан юм. Түүнийгээ тэврэнгээ хичнээн олон удаа Перси Фэйтын “Зуны өдрийн дурлал” дууг сонссон гээч. Ингэж хэлэх нь ичгэвэртэй ч одоо ч энэ дууг сонсохоор сэтгэл хөөрч, сэрэл хөдөлдөг юм. Амьсгал бачимдаж, нүүр халуу төөнөөд ирдэг билээ. Перси Фэйтын “Зуны өдрийн дурлал” дууны эхлэлийг сонсоод л сэрэл нь хөдөлдөг эрэгтэй хүн энэ хорвоод надаас өөр байхгүй байх аа. Үгүй ээ. Түүний нөхөр бас байж магадгүй юм. Тэр орон зайг түүнд үлдээе. Перси Фэйтын “Зуны өдрийн дурлал” дууны эхлэлийг сонсоод л сэрэл нь хөдөлдөг эрэгтэй хүнийг энэ хорвоогоос хайгаад (өөрийгөө оруулаад) хоёрхон хүнийг л олох болов уу. Ингэж засаж хэлье. Ингэхэд л болох юм байна.
Орон зай
- Би ийм дуунд дуртай болсон учир нь гэвэл гэж ирээд Ээм нэг өдөр ярьж байна. Ерөөсөө л орон зайны асуудал юм гэв.
Орон зайны асуудал аа?
Бод доо. Ийм дуу, аялгуу сонсохоор хязгааргүй уудамд байгаа юм шиг санагддаг. Тэнд өргөн уудам, саруулхан, хил хязгаар гэж үгүй, хана туурга, дээвэр тооно гэж байхгүй. Тэгээд юу ч бодох, шаналах юмгүй, хэлж ярих хэрэггүй. Тэнд зүгээр л байхад болох тийм л газар. Зүгээр л нүдээ аниад, чавхдаст хөгжмийн сайхан аялгуу, хөг авианд нь өөрийгөө даатгачихад л болоо. Толгой өвдөж, бие жихүүцэхгүй л бол сарын тэмдэг, өндгөн эс гадагшилж байх үе биш, тэнд байгаа бүх зүйл гагцхүү үзэсгэлэн төгөлдөр, сэтгэл өөрийн эрхгүй тайвширч, уужрахаар, хэн ч саад болохгүй, үүнээс илүү хүсэх юм огтхон ч алга.
- Яг л диваажинд байгаа юм шиг үү?
- Тийм шүү гэж Ээм хариулсан юм. Диваажинд BGM-ээр Перси Фэйтын дуу эгшиглэх нь гарцаагүй гэж бодож байна. Хүүе ээ. Нуруу дахиад илж өгөхгүй юм уу?
- Тэгье л дээ. Асуудалгүй гэж хариулж байсан юм.
- Нуруу илэхдээ үнэхээр гаргуун сайн юм аа.
Хэнри Маншини бид хоёр мэдээгүй юм шиг царай эсгэхэд нүүрэнд нь инээмсэглэл тодорч байсан юм.
Би мэдээж цахилгаан шатны хөг аялгууг ч алдсан. Ганцаараа машин барьж явах болгондоо тэгж боддог болов. Гэрлэн дохио солигдохыг хүлээж байх зуур хаана нэгтэйгээс нэг охин гэнэт гарч ирээд, машин дотор яах ийхийн зуургүй орж суугаад, намайг ч харах сөхөөгүй “Өвлийн хайрын хос” дууны хуурцгийг машины тоглуулагчид ум хумгүй хийчихгүй юм байх даа гэсэн бодол ч орж ирнэ. Зүүдэндээ ч ингэж мөрөөднө. Гэвч ийм зүйл тохиолдохгүй нь мэдээж. Хуурцаг хийдэг тоглуулагч ч байхгүй болсон.
Одоо би машин барьж явахдаа iPod эсвэл USB холбогчоор хөгжим сонсдог. Тэнд мэдээж Франшис Лэй, 101 чавхдаст хөгжмийн аялгуу ч байхгүй. Гориллац, Блэйк энд Пийс зэрэг л. Нэгэн бүсгүйг алдана гэдэг ийм л зүйл юм болов уу. Эсвэл заримдаа нэгэн эмэгтэйг алдана гэдэг бүх эмэгтэйг алдаж байна гэсэн үг юм уу? Ингэж л бид эмэгтэйгүй эрчүүд болон хоцорно. Бид бас Перси Фэйт, Франшис Лэй, мөн 101 чавхдаст хөгжмийн аялгууг ч алдаж байна гэсэн үг. Аварга загас, дун хорхойг ч бас алдаж байна. Мэдээж, түүнийхээ энхрийхэн гоолиг нурууг бас алдсан.
Би Хэнри Маншинигийн удирдан тоглуулдаг “Мүүн ривэр” /Сарны гол/-ыг сонсонгоо зөөлөн гурвалсан хэмнэлд нь Ээмын нурууг энхрийлэн таалдаг байсан юм. Миний “Гэклбэрри Финны адал явдал” номыг тэртээ голын тийшээ аваад явчихсан л байгаа юм. Гэвч иймэрхүү зүйлсийг хаа нэгтээ гээчихсэн, бүгдийг алга болгочихсон. Үлдсэн юм гэвэл хуучин баллуурын тал, алс холоос сонсогдох далайчдын гунигт дуу л байна даа. Бас мэдээж ус өргөдөг сав, тэнгэр өөд цойлж, “орь ганц” руу ганц эврээ хатгах цагаан морины баримал юм.
Ээм одоо диваажинд, эсвэл өмнөх бүртгэх газар оччихсон “Зуны өдрийн дурлал” дуугаа сонсож байвал сайхан байна гэж бодох юм. Тэрхүү хил хязгааргүй, тэнэгэр уудам, уянгалаг яруу хөгжимд уяран хайлж байвал сайхан ч Жэфферсон Эйрплэйны рок битгий сонсогдоосой. (Бурхан мэдээж ингэж зовоохгүй байх. Би ийнхүү итгэн найдаж байна). Тэгээд “Зуны өдрийн дурлал”-ын хийлийн товшилтот аялгууг сонсонгоо миний тухай хааяа бодож байвал болоо доо гэж бодох юм. Гэхдээ тэгж олон юм хүсэхгүй ээ. Намайг байхгүй байсан ч Ээм тэнд үхэшгүй мөнх, цахилгаан шатны аялгуутай хамт аз жаргалтай, амар амгалан амьдарч байгаасай гэж залбирнам. Эмэгтэйгүй эр болсон би чин сэтгэлээсээ ийнхүү хүсэж, мөргөнөм. Мөргөх, залбирахаас өөр чадах зүйл надад үнэндээ алга байх шиг байна. Яг одоохондоо. Ийм л байна. Магадгүй.
Харуки Мураками Эх сурвалж www.wikimon.mn