Зүс нийлсэн ховоог сайхан хайраар тэтгэдэг
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Нуусан зовлонг чинь нимгэлж жаргалын нуур луу дусдаг
Нулимсан дусалын чинь ундарга юм
Зүрхээ та гамнаж бай
Амраг ханиа олоход чинь эрхшээж өгсөн судар юм
Анх үртэй болоход чинь эвийлж дуудсан тарни юм
Алаг эрээн орчлонд амьд яваагийн чинь нотолгоо юм
Агаар залгин алхахад амьсгал тэтгэсэн хөдөлгүүр юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Мөнх бусыг үзэхэд мөнх үлдэх хайр чинь юм
Мөн ч их санадаг амрагийн чинь ганц өмч юм
Ирээдүй хойчоо өсгөх их хайрын чинь голомт юм
Ийм хүн байсныг чинь бурханд нотлох нотолгоо юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Эцсийн мөч ирэхэд таны тархийг амьдруулах гэж
Эмнэлгийн орон дээр тарчлах эмчийн дайтай эмч юм
Эмгэнэлт нийгмийн өмнөөс ядарсан нэгнийг өрөвдөх
Эрхэм сайдаас илүү энэрэнгүй төрхтэй эрхтэн юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Сониуч харцаар дамжсан муу муухай үзэгдлийг
Сохор заяат орчлонд үүрч зүтгэдэг ажилчин юм
Соотон чихээр урссан ховийн олон үгсийг
Солгой нүүртэй тавиланд тээж явдаг үйлтэн юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Хамаг бие хөрөөд сүнсэнд хөтлөгдөн одоход
Хамгийн сүүлд үхдэг хачин үнэнч эрхтэн юм
Хагацал дундуур бүдчиж гэрэл өөдөө сарвайхад
Хайрын нарыг мандуулдаг улаан өнгөтэй тэнгэр юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай.
/ Ч.Чагнаадорж /