Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ой ирэх онд болох гэж байна. Тэгвэл энэхүү түүхт ойг угтан “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулахаар болжээ.
Хамгийн сүүлд зохион байгуулагдсанаас хойш 11 жилийн дараа өнөө жил буюу энэ сарын30-нд “Зайсан Хилл” цогцолборт ялагчаа тодруулах гэж байна.
15 дахь удаагийн наадам нь өмнөх уралдаан болон бусад миссийн наадмаас нэг зүйлээрээ өөр. Энэ бол “Монголын сайхан бүсгүй-2018” наадмаас эхлэн “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргасан явдал юм. Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзжээ.
Наадам 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм байна.
“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү төрийн шагналт, зураач Үржнээ гуай урлажээ.