Фантастик продакшны ээлжит уран бүтээл “ZURA” УСК Монголд анх удаа дижитал хэлбэрээр нээлтээ хийгээд гурав хонож байна. Уг продакшн нь киноныхоо дижитал нээлтийг хийхдээ Юнивишн ХХК, Скаймедиа корпорацитай хамтран ажилласан бөгөөд Univision, Skymedia, LookTV, ДДЭШ ТВ, SkyGo платформуудаар кино нээлт амжилттай болж үзэгчдийн хүртээл болсон юм.
Киноны гол дүрүүдэд Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир, жүжигчин Б.Батсайхан, жүжигчин С.Болд-Эрдэнэ болон залуу уран бүтээлч С.Идэрмаа нар тоглосон байна
Киноны гол үйл явдалд ”Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Доржийг улс төрийн зорилгоор 2 этгээд хорооно, захиалагчид нь хамтран зүтгэж байсан эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүн. Уг бүлэгт тагнуул, цагдаа, прокурор, улс төрч, бизнесмэн гээд одоо цагийн хонгил гэж харагдаж буй хүмүүсийг бүгдийг нь багтаасан. Хамгийн сонирхолтой нь гэм буруугүй этгээдүүдэд хүчээр хэрэг тохно, шоронд эрүүднэ, эм тарина, зодно тэгээд гэм буруугүй буруутан хэргээ хүлээнэ. Хэсэг хугацааны дараа хэсэг бүлэг шударга гэгдэх этгээдүүд энэ бүгдийг илчилнэ. Шүүхээр шийдэгдсэн хэргийг задалж, шоронгоос гаргадаг” тухай гарна.
Тэгвэл Фантастик продакшны шинэ бүтээл “ZURA” УСК-д “Веритас Партнерс” фирмийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн цахим хуудаснаа дараах шүүмжийг бичжээ.
Тэрбээр “Кино шүүмжлэл гэдэг муулж байна гэсэн үг биш гэж бодож байна. Харин хүлээж аваад дараа дараагийнхаа кино дээр анхаараад явбал кино хөгжилд хувь нэмэртэй сайн зүйл байх. Би бусад талаас нь шүүмжилж мэдэхгүй. Гэхдээ “албатай юм шиг” үзчихээд дараа нь дандаа хардаг өнцгийнхөө талаар шүүмжлэл хэлсээр ирсэн. Минийхээр уран сайхны кино л юм чинь яаж ч фантазлаж, зохиож болно гэж боддоггүй. Шинжлэх ухааны кино бол тухайн шинжлэх ухаанаа судалж зөв талаас нь гаргах ёстой баймаар. Монгол кинонууд, тэр дундаа Фантастик продакшны сүүлийн 2 кино бол хууль зүйн салбарыг зүгээр л нулимж байна. Ямар ч судалгаагүй, шал худлаа зохиомж. Урлагийнхны хэлдгээр нийгмээ чирч явдаг л юм бол зөв ойлголт өгөх ёстой.
Өмнөх цаазын ялын тухай кино дээр нь би бас энэ талаас нь шүүмжилж байсан. Зура киноноос нь ганц хоёр жишээ хэлье.
1. Мэдүүлэг авч мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад багш нь гэж нөхөр дураараа орж ирэн явцыг ажиглаж байх юм. Тэгээд хэрэг шалгаж байгаа шавь нь зөвлөгөө аваад байна билээ. Тэгж хөндлөнгөөс нөлөөлнө гэж байхгүй. За болъё, хуулиараа тэгж болохгүй ч практик дээр тэгдэг гэдгийг харуулах гэж байна гэж зөвтгөе. Гэтэл нөгөө багш гээд байгаа хүн нь шүүх хуралдаанд ороод өмгөөлөгч болчихсон явж байх юм. Тэгснээ дараа нь цагдаагийн хувцастай байж байх юм. Тийм дураараа юм гэж байхгүй ээ. Хэзээ цагдаа, прокурор ажлынхаа дундуур дураараа өмгөөлөгч хийдэг болчихов оо. Бүдүүлэг алдаа.
2. Шүүгчид зөвлөлдөх тасалгаанд оров. 3 шүүгчийн 2 нь авлига авсан бололтой Ерөнхий шүүгчээ урвуулчих гээд ятгаж байх юм. Тэгсэн чинь Ерөнхий шүүгч нөгөө хоёртойгоо зөвлөлдөхгүй ганцаараа шийдвэр гаргачихав. Шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гардаг. Үнэхээр 2 шүүгч авлига авсан бол Ерөнхий шүүгчийг царайчлах шаардлагагүй, өөрсдөө л шийдчихнэ. Гэтэл Ерөнхий шүүгчийг хэт дөвийлгөж, ганцаараа шийддэг, нөгөө хоёр нь бараа бологч аятай л харуулжээ.
3. Ерөнхий шүүгч шийдвэрээ уншихдаа тэр хэргийг тэгж задаллаа, энэ хэргийг ингэж задаллаа л гээд хичнээн ч хэрэг задалчихав. За тэр процесс энээ тэрээг болъё. Зохиолын үг хэллэг дээрээ анхаарч болохгүй гэж үү. “Хэрэг задална, хэрэг задална” гээд л “хэрэгтнүүдийн”, “шорон оронгийн хэллэг” ашиглаад байх юм. Монголын шүүх яаж ч доройтлоо арай ч “гэмт хэрэгтний хэллэг”-ээр шийдвэр бичихгүй ээ” гэсэн байна.