Энэ таван чанар нь найз нөхдийн ч, хайр сэтгэлийн ч гээд жинхэнэ л бол ямар ч харилцаанд заавал байдаг чанарууд юм. Хайрттайгаа, хамгийн сайн найзтайгаа жинхэнээсээ харилцаж, үнэн төрхөө нуулгүй илчилж чаддаг уу гэдгээ эндээс сонжоорой
• Эвдрэлцэхгүйгээр мэтгэлцэж чаддаг: Энэ бол хэрүүл огтхон ч биш. Хамгийн дотны хүнтэйгээ л чи ертөнцийн олон “Яагаад”-ын тухай ханатлаа мэтгэлцэж, маргалдаж чадна биз дээ? Жинхэнэ харилцаанд буй хоёр хүн нэг зөрчилтэй сэдвийн талаар хүссэнээрээ, хэдэн цагаар ч хамаагүй хоорондоо ам уралдан ярьж чадах мөртлөө хэзээ ч эе эвдрэлцэж, муудалцдаггүй. Хуурамчаар өдийг хүртэл харилцаж байсан хүмүүс л ам муруйхаараа хэдэн сараар “муудаж”, дахин найрамдаж хамт байхгүй юм шиг л ор тас алга болдог.
• Биенээ дэмжиж чаддаг: Сайн найз, сайхан хайранд аль алинд нь байх ёстой чанар. Бие биендээ жинхэнээсээ хайртай бол өөрөө уруу дорой явлаа ч гэсэн нөгөөгийнхөө амжилтыг үгүйсгэж зүрхэлдэггүй.
• Итгэдэг, ямар ч “сиймхий”-гүй: Хайртай хүндээ жинхэнээсээ ханддаг бол хүн зүү орох зайгүй л итгэдэг. Өөр хүн дэргэд нь ирээд хичнээн муу муухайгаар нь итгэтэл мундаг ярьж байсан ч “Өөрөөс нь л сонсож байж итгэнэ. Тийм байх ёсгүй” гэж бодоод хүлээж байдаг. Хэрвээ чи хэн нэгний талаар сонссон зүйлдээ “Нээрээ тийм ч байж магадгүй дээ” гэж итгэсэн л бол жинхэнэ харилцаа та хоёрын дунд байхгүй гэсэн үг.
• Уучилдаг: Жинхэнэ харилцаатай хүмүүс биенээ уучилдаг. Хэзээ ч тасрахгүй холбоо юм чинь тэгэхээс өөр яах билээ? “Сайн найзууд аймшигтай муудалцсан ч хэдхэн хормын дараа эргээд л хошуу холбон яриад сууж байдаг. Яагаад гэвэл сайн найздаа л ярихгүй бол болохгүй “гоё” сонинтой болохоор” гэдэг үг байдаг даа?
• Тэвчдэг: Сайн найз нь, хайртай залуу нь ямар ч айхтар дутагдалтай байсан жинхэнэ харилцаатай л бол хүн тэвчдэг. Тэр дутагдлыг нь байнга хэлээд, үглээд, засахыг оролдоод ч болтугай хамт байхыг л сонгодог. Нэгэнтээ гэрлэлтийг “Насан туршдаа нөгөө хүнийхээ дутагдалтай талыг тэвчиж амьдрахын нэр юм” гэж хэлсэн байдаг. Аав өдөрт хэд үглүүлдэг мөртлөө тэсээд л, ээж уурлан хувцас хумьж угаалгын машин руу хийдэг мөртлөө тэвчээд л амьдраад байдаг нь жинхэнэ харилцаатай болохоор л тэр биз ээ.