Намирсан цэнхэр торгон алчуурын үзүүр нулимсанд норсон хацрыг нь ороолгож чимхийлгэхийг ч анзаарахгүй дээлийнхээ ташааны товчоор оролдсоор алсыг ширтэн санаашрах Цэрэнгийн дээлийн энгэр халтар тарлантаад норжээ.
Мөн ч их нулимсаа даа…
Эрлээр эдний хотонд ирсэн Банди Уртын голд яваа Зундуйн сургийг зууж ирснээс хойш хоёр нүд нь ухархайдаа ширгэтэл улаан зам ширтэх, зээ дүү хүүхнээ харж өр нь өмрөх Ожгоо “гөлрөн дайраад үхэх чинь үү.Эдээр дутаалгүй өсгөсөн сөн эрээр гундаад энэ үү гэж улаан нүүрэн дундуур нь хөх үдээрээр хянгардах шиг цэхвэлзэн аашлавч…эвий халаг минь ингэж ч явах гэж дээ.Хаврын хахир хөх салхинаа дээлтэйгээ дэрийтэл хатсан хүн нэг байнаа даа.Зундуй лүд ер нь голдоо нүхтэй гонзгой мах уу юу вэ хэмээн дотогшоо нурна.Хөдөөх буйдад ховорхон цайвар шаргал царай нь цонхийж ,нүднийх нь доогуур хөхөрч хөнхийгээд,тахимаа өнгөрсөн атганд багтахгүй гөрмөл хар гэзэг нь даахирч муусайн хаврын борлон ишиг шиг ядруу харагдахад,хэ цэс ямар эцэг эхээсээ өнчирсөн яадагаа алдсан амьтан уу даа. Цэрэн чи бос , үс зүсээ янзал гэр орноо өөд нь тат,хоёр хөөрхөн охиноо бод.Өвдөж зовоод үхэх гэж байгаа биш дээ.Хаврын хариг цагаар элгээ эвхэж,элдвийг бодоод байвал “нар дуу”-ны өвчин тусаж өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй,өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй амьтай төдий дээлийн гол болоодохвол энэ хоёр охин чинь яах болж байна вэ дээ миний дүү гэж аргадахын зууртаа зөөлөн дуугаар гүвтнэнэ.
Олны амны салхинаас Уртын голоор нутагтай тарган Содномын охин Хүдэрхадтай Зундуйг нөхцөөд байгааг сонсох боловч нүдээр харж гараар бариагүйдээ үл итгэх цөлх зан ньЦэрэнг тушчихаад урагш гишгүүлэхгүй байлаа.
Зундуй хэмээх хөрслөг бор царайндаа зохисон тэлмэгэр алаг нүдтэй намхавтар махлаг бор залууг анх л харсан цагаасаа шүүрс алдан боддог болсноо Цэрэн мартдаггүй мартах ч үгүй байхаа даа.
Явах хүнээр ачаа бүү татуул гэж.Цэрэнгийн ааваас нь ирсэн багашаархан таван ханатад Зундуй сэлгэж өмсөх хувцасаа ганзагалж ирснээс хойш 5 жилийг ардаа тавтай сайхан үдсэн байна гэнэ.Цэрэн л ид уу,өмс,тайл гэсээрх өмнө нь нөмөглөн бөндгөнөхөөс Зундуй айлд ирсэн хүн шиг өглөө босоод л хамаг хувцасаа асааж аваад баруун талын хойморт жимбийсэн хүн л өдөрчийн сууна.Барагтай л бол гарч орно гэж үгүй.Яаж өдөр өнгөөрөөдөг хүн юм дээ гэж Ожгоо гайхана.Эр хүнд чинь мордож суухаас авахуулаад малгайн ис тоос үргээх ажил мундах биш дэг ээ.
Суумал бурхан шиг Зундуй өнгөрсөн жилийн намар оройхон Цэрэнтэй бага сагахан ам муруйгаад муу эмээлээ үүрээд энэ гэрээс гарч яваад жил тойрон эргэж ирсэнгүй.Охид нь эхэндээ эцгээ санацгаан уйлаан майлаандаа тулж гудас дэвсгэрээ норгож халтайлгаад еэ бас тусгүй юм ч болсоор л.Хүүхэд яах вэ дээ дотуураа бэтгэрэвч цагийн эрхээр энэлэх нь бага.
Цэрэн л хоёр охиноосоо долоон дор бүр шөнийн хоногоор дордож,хоёр нүд нь байнга нойтондуу,сэтгэл нь тэр гэхийн тэмдэггүй хэн.Сэтгэлээ дагаад бие нь ч зовиуртай.Атганд багтахгүй өтгөн хар үс нь туг тугаараа унаж тахал ям өвчинд баригдсан хүн шиг өдрөөс өдөрт цонхийж цайгаад төдгүйхэн.
Ожгоо зээ дүү хүүхэндээ хань бараа татаж саахалт намаржаад, айлсаж өвөлжиж хаваржаад байгаа нь энэ. Халаг хуухай Цэрэн минь Цэрэн минь ингэж яаж хорвоог барах вэ дээ хэмээн халаглах Ожгоо охин Нямыгаа орой үдэшээр эгчдээ хань бараа бол хэмээн тэднийд байлгах боллоо.Ням охин Цэрэнгийн эль байдлыг харж өрөвдөхдөө ганхийж ганц үгнээс нь зөрнө гэж үгүй.Ухаан сууж буй Ням Цэрэнгийн үс зүсийг бахдаж “ийм хөөрхөн эгч” байж,ингэж ч нулимсандаа хутгалдаж суух гэж дээ.Гүжир Зундуй гуай ч үнэхээр “гүжир” нэрэндээ зохисон бүдүүн борог хүн юмаа гэж өвөр зуураа бодно.
Зундуй яваад удаж байгаа ч өнөөдөр ирнэ,орой ирэх байх,шөнө ирж хононо доо хэмээн хөлийн чимээ чагнасаар л.Сураг сургийн үзүүрээс татаж чангаан бууж мордсон хүнээс чихэнд чимэгтэй үгийг сонсох сон гэх горьдлого нүүрэн дээр бичээстэй.Эзэнгүйчлэх,элдэ
Цаг хоногийн урсгалд элэгдэж эмтрэхгүй юм гэж хаа байлаа даа.
Өвлийн өглөөний жавар дагуулан орж ирсэн Ням охин зуухны хүхээнд гараа ээн зогсож байснаа “ижээ ижээ урьд шөнө бүүр орой болсон хойно машинтай ирсэн хүмүүс чинь баруун аймгаас хот руу явж байгаа улс гэнээ.Тэдний дарга бололтой нас тогтсон цэргийн хүн нь Цэрэн эгчтэй их л удаан яриад байсан шүү гэж нухацтай бөгөөд сониучирхан яриад гарч явахад Ожгоо ер тоосонгүй.Үг хэлгүй шахам гуниглаж дуугарвал л уйлчих гээд байгаа дүү хүүхнээ холын гийчидтэй овоо хүн төрхтэй ярьж сууна гэж сонсоод баярлах шиг л болоод орхижээ.
Нямын Ожгоодоо ярьснаас хойш 3 сарын дараа гялалзсан хар машин ирж Цэрэнг хоёр охинтой нь аван Ожгоод гэр малыг нь даатгаад давхин одоход Даш,Ожгоо хоёр гайхахаасаа илүү баярлалдаж овоодоо муу дүү минь хөдөөх хөх алсад “нар дууны” өвчин тусчихаад гансарч явсан сан.Хүнд чинь явах зам мөр гэж байдаг даа чухам хэмээн хөөрөлдсөөр үлдлээ.
Цэрэн нутгаасаа гарсаар даруй 10-аад оныг үдэхэд байгуулагдаад удаагүй Төмөрзам гээч их айлын үүдээр алхан орж,сайн сайхан хүнтэй учирч ёстой л нөгөө нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхана гэгчээр сурч боловсорсон,бас хүн гээч амьтан амь зуухаас илүүтэй амьдралын баяр жаргал босгон цаана хэрхэн өрнөдгийг таарч тохирох сайн хүн эрт орой хэзээ нэгэн цагт учирах л бол учирдаг болохыг ойлгож мэдэрчээ.
Хөдөөгийн буйдханд сэтгэлийн шаналан эдэлж “нар дуу”-ны өвчиндөө шаналж суусан Цэрэнг ийн явахад мань Зундуй Уртын голдоо жаахан гундуу дуу явсаар өөдийн нараа харсан гэлцэнэ.
ХАврын бүүдгэр саарал тэнгэр дор өмссөн хувцас нь хүнддэж асан Цэрэн голоо тасартал хүлээсэндээ горь ер тасрахгүй юм билээ гэж сэтгэлээ уудлан нэгнээ хэлсэн нь бүв бүлээхэн л байх юм даа…
2017 он Дунд гол М.Цэемаа
↧
М.Цэемаа: Хүлээнээ
↧