Төрөлт гэдэг бол яагаад ч зогсоох боломжгүй үйл явц билээ. Тиймээс өнөөдөр машин, онгоц, галт тэргэн дотор хүүхэд мэндлэх нь ердийн зүйл болсон. Харин энд бичигдэх эмэгтэйчүүд үнэхээр сонин орчин, хүнд нөхцөлд хүүхдээ төрүүлжээ. Эхний бүсгүйн хувьд живж буй машин дотроо амаржсан гэнэ.

Каньетта Бигс гэдэг бүсгүй жирэмсэн гэдгээ хүмүүсээс нууцалж байсан тул яг өвдөөд эхэлмэгц хэнээс ч тусламж эрээгүй байна. Тэрээр төрөх эмнэлэг рүү өөрөө очихоор шийдэн жолооныхоо ард суусан боловч жолоодлогоо алдан шууд нуурын ус руу яваад орчихжээ. Машин нь живж байх үед Каньетта бүсгүй бяцхан охиноо төрүүлсэн аж. Азаар тэр хавьд эргүүлийн цагдаа явж таарсан учраас түүнд тусламж үзүүлсэн гэнэ. Бие давхар болсныг нь хэн ч мэдээгүй хэдий ч хүүхэдтэй болсон гэдгээ гэр бүлийнхнээсээ нууж чадаагүй байна. Түүний энэ хөгтэй ч гэмээр, өрөвдөлтэй ч гэмээр түүхийг телевизүүд хэд хоногийн туршид мэдээлсэн юм.
Мозамбикийн София Чейндза гэдэг эмэгтэй модон дээр хүүхдээ төрүүлжээ. Бүсгүй үерийн уснаас дайжихдаа модон дээр авирсан гэдэг. Айхтар их үер болсон тул энэ эмэгтэй аврагчдыг ирэхийг хүлээн модон дээр хоол ундгүй гурав хоног суусан аж. Дөрөв дэх хоног дээр нь л хүмүүс Софияг хаана байгааг мэдээд нисдэг тэрэг дуудсанаар аврагчид дөнгөж төрсөн хүүтэй нь хамт шууд эмнэлэгт хүргэжээ.

ОХУ-ын Якут мужийн оршин суугч нэгэн эмэгтэйг жинхэнэ хүнд гар гэж хэлж болно. 40 долоо хоногтой байхдаа тэрээр нөхрийгөө анд явахад нь дагаад явсан гэнэ. Гэтэл тэр үеэр гэнэт өвджээ. Эр нөхөр нь түүнийг эмнэлэг рүү хүргэхээр давхиж явтал машин нь намагт нам суусан аж. Азаар охин дүү нь хамт явсан тулдаа хүүхдийнх нь хүйг тасалжээ. Тэр хооронд нөхөр нь гар утасны сүлжээ орох газар хайгаад алга болсон гэнэ. Хэдэн цагийн дараа л тэр онцгой байдлынхныг дуудсан байна. Эргэн тойронд нь баавгай хүрхрэх чимээ гарч байсан тул нөхөр нь зогсоо зайгүй буудсаар сая нэг юм аврагчдын барааг харжээ.

Эх сурвалж www.wikimon.mn